 |
Г. Ундрал
Ардчиллын Боловсрол Төвийн захирал
|
Монголын ТББ-уудад тулгамддаг томоохон бэрхшээлүүдийн нэг нь яах аргагүй санхүүжилтийн асуудал байдаг. Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2000 онд хийсэн судалгаанд "Судалгаанд хамрагдсан ТББ-ууд 1996-2000 онуудад 4,426.7 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлснээс 298.7 сая төгрөгийн санхүүжилтийг дотоод эх үүсвэрээс, 4,128.0 сая төгрөгийн санхүүжилтийг гадаадын эх үүсвэрээс тус тус хийсэн нь 6,7:93,3 хувийн харьцаатай байна" гэсэн дүгнэлт гаргажээ. Эндээс үзэхэд манай ТББ-ууд үндсэндээ гадаад эх үүсвэрийн хүчинд ажиллаж байна гэдэг нь тодорхой байна. Гадаадын хандивлагчид хэзээ нэгэн цагт дэмжлэг туслалцаагаа зогсоох үед дотоодын филантропи үзэлтнүүдийг бий болгож чадаагүй байвал ихээхэн хор уршигтай. Тэгэхлээр ТББ-ууд дотоодоос санхүүгийн эх үүсвэрээ олж авах хэрэгтэй болно. Яаж? Хаанаас?
1%-ийн татварын хууль хэмээн олны дунд нэрлэгддэг өвөрмөц хууль тогтоомжийг Унгар улс 1996 онд баталсан билээ. ТББ-уудыг дэмжсэн энэхүү хууль нь олон орны хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татсан. Энэхүү системийг Унгар улсад анхлан хэрэгжүүлснээс хойшхи хэдэн жилийн хугацаанд тус бүс нутгийн Словак, Литва, Польш, Румын зэрэг дөрвөн оронд ээлж дараатайгаар янз бүрийн хэлбэрээр нэвтрүүлсэн юм. Татвар төлөгчид нь төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудаа дэмжиж орлогын албан татварынхаа 1%-ийг шилжүүлдэг өвөрмөц тогтолцоо нь манай ТББ-уудын төдийгүй улс төрчид, хэвлэл мэдээлэл болон иргэдийн анхаарлыг ихээхэн татах байх гэж бодож байна.
Ардчиллын Боловсрол Төв нь "1%-ийн татварын хууль" хэмээх энэхүү сэдэвт онцгой ач холбогдол өгч Монгол улсад өрнөж буй 1%-ийн санаачлагын талаарх мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор тусгай вэб хуудас үүсгэн ажиллуулж байна.
Эрхэм татвар төлөгч Та, төсвийн орлогын тодорхой хувийг иргэний нийгмийн үйл ажиллагаанд зарцуулах энэхүү үзэл санааг сайтар судалж, дүн шинжилгээ хийж өөрсдийн санал бодлоо энэ хуудсаар дамжуулан бидэнтэй холбоо барина уу гэж хүсэж байна.
ТАНЫ ТӨЛСӨН ТАТВАР УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ҮНДЭС БИЛЭЭ.
|