Untitled Document

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ

(PDF хувилбар)

Бид хүний нэр төр, эрхэм чанар, эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн, хүн төвтэй ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн зарчмын хүрээнд нийгмийн ашиг тусын төлөө үйл ажиллагаа явуулахдаа авилга, хүчирхийллээс ангид байж, итгэл үнэмшил, амьдралын хэв маяг, үзэл бодлоо бусдад тулгахгүй. Бид дараах үнэт зүйлс, ёс зүйн зарчмыг чандлан сахиж, өдөр тутмынхаа үйл ажиллагаанд тэдгээрийг мөрдөхийн төлөө хичээн чармайхаа тунхаглан энэхүү баримт бичигт нэгдэн орж байна.

Зарчим 1. Дотоод ардчилал

ТББ нь эрхэм зорилгоо тодорхойлох, менежментийн бодлого, тэдгээрийг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх, санхүүгийн болон хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах дотоод ардчилал бүхий удирдлагын тогтолцоотой байна.

Зарчим 2. Үл намчирхах

Албан ёсоор нам бус статусаа зарласан буюу зарчмын хувьд нам бус байх ёстой байгууллага намчирхсан (тодорхой улс төрийн нам, бүлэг, хүчний эрх ашигт үйлчилсэн) үйл ажиллагаа явуулахгүй. Улс төрийн намын дэргэдэх байгууллага нь энэ зарчимд нэгдэж болно. Ийм тохиолдолд нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагааныхаа хүрээнд намчирхахгүй байна.

Зарчим 3. Үйл ажиллагааны ил тод байдал, хариуцан тайлагнах

ТББ нь үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй байлгаж тогтмол тайлагнана.

Зарчим 4. Санхүүгийн ил тод байдал, хариуцлага

ТББ нь санхүүгийн бүртгэл, тайланг үнэн зөв хийж, хөрөнгө нөөцийн үр ашигтай зарцуулалтыг баталгаажуулна. Санхүүгийн тайлан олон нийтэд нээлттэй байна.

Зарчим 5. Эрх тэгш байдал

ТББ нь үйл ажиллагаандаа нас, жендер, үндэс угсаа, гарал үүсэл, нийгэмд эзлэх байр суурь, бэлгийн чиг баримжаа, рас, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, ял шийтгэл эдэлж байсан эсэх, болон бусад хэлбэрээр үл ялгаварлан гадуурхна.

Зарчим 6. Сонирхлын зөрчил

ТББ нь аливаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж, гарцаагүй тохиолдолд сонирхлын зөрчилтэй этгээд энэ тухай нээлттэй мэдээлнэ.

Зарчим 7. Эрүүл мэнд, байгаль орчин

ТББ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй үйл ажиллагаа явуулна.

Зарчим 8. Хамтын ажиллагаа, уялдаа холбоо

ТББ нь бие биенээ харилцан хүндэтгэж, дэмжин, хамтын ажиллагаа, түншлэл, уялдаа холбоогоо бэхжүүлнэ.